Tuesday, January 31, 2012

“ТОРГОН ЗАМААР: МОНГОЛ РАЛЛИ-2011”- IV



(2011. 8. 19-21 хүртэл Узбекистан)


Узбекистан бол 1991 онд ЗСБНХУ задарсны дараагаар байгуулагдсан Дундад Азийн улс. 447.400 km² нутаг дэвсгэртэй, 27.488.000 хүн амтай. Нийслэл нь Ташкент хот. Дундад Азийн орнуудын дотор нөлөө бүхий томоохон улс бөгөөд алдарт Сырдарья, Амударья мөрөн энэ л нутгаар урсана.   

Бухар. Тус улсын ЭСЯ нь 3 хоногийн виз өгсөн тул бид яарах хэрэгтэй болов. Узбекистанд бидний очсон хамгийн эхний газар бол эртний худалдааны алдарт Бухар хот (Узбекээр: Buxoro). Энд 2500 гаруй жилийн өмнөөс хүмүүс суурьшин амьдарч байжээ. Түүхийн турш Бухар нь соёл, худалдааны томоохон төв байсаар ирсэн. Хотын цайзыг үзэж сонирхсон боловч визний хугацаандаа баригдан яаравчлан дараагийн хот руу гарлаа. 
Бухар хотын алдарт хэрэм


Хүмүүсээс зам асуух зуур хөвөнгийн тариалан үзэж хоёр узбек хүний зураг дарлаа. 
 Самарканд. Энэ хот Эмир Төмөрийн эзэнт улсын нийслэл байсан, торгон замын худалдаанд ихээхэн үүрэгтэй гэдгээрээ алдартай. 

Самарканд хотын төв гудамжуудын нэг
Энд хамгийн түрүүнд бид Эмир Төмрийн бунханыг үзэж сонирхлоо. Монголчууд түүнийг доголон Төмөр хэмээдэг. Тэрбээр Барлас овгоос гаралтай нэгэн. Дэлхийн түүхэнд ховорхон тохиолдох төрийн томоохон зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин юм. Тэрээр Дундад Азид ноёрхлоо тогтоож, олон газар нутгуудыг захиргаандаа оруулсан байлдан дагуулагч. Ямартай ч түүний бунхан нь барилга архитектурын хосгүй, түүхэн цогцолборуудын нэг. Энд доголон Төмөр төдийгүй түүний удмынхны нь шарил ч хадгалагдаж байдаг аж.
Гүр-Эмир гэж нэрлэгдэх бунханы гадна тал
Голын хар чулуугаар хийгдсэн нь Эмир Төмрийнх цаана нь буй том хэмжээтэй нь түүний ач хүү Улуг бэй-гийнх /Улу ноён буюу Их ноён/ болно.

Самарканд хотын Исламын шашны сургууль байсан гэх нэгэн түүх дурсгалын газар.Бидний очих үед тоглолт болох гэж байгаа бололтой тайз засал явагдаж байв. Монголын далбаа дунд нь харагдаж байгаа нь. Монголоос хүмүүс ирсэн юм болов уу?    
Үүний дараагаар Улугбэй гэж нэрлэгдсэн түүний ач хүүгийн байгуулсан одон орныг судлах газарт очив. Өнөөдөр энэ газар музей болсон төдийгүй жуулчдын сонирхол анхаарлыг татсан нэгэн газар болжээ.
 Энд бидний олж үзсэн хамгийн олзуурхууштай зүйл бол эмир Төмөрийн зарлигаар бичигдсэн Ялалтын ном гэж нэрлэгдэх ховорхон бүтээлийн 3 эх байдгийн нэг Шерэф ад-дин Еэзд-ийн эх юм.  
Шерэф ад-дин Еэзд-ийн "Zafer nаме" /Ялалтын ном/. XV зуун.
Ташкент. Орой болтол түүх, дурсгалын газар, музей үзэж сонирхоод Узбекистаны нийслэл Ташкент хотын зүг гарлаа. Манай улсын өргөмжит консул Ташкент хотод байрладаг түүнийг олж уулзах бодол байсан боловч хот дотор хаягаар нь хайгаад олж чадсангүй. Ингээд 3 хоногийн визтэй бид хоёр дараагийн улсаа зорин одвой.

Эхийг эндээс

“ТОРГОН ЗАМААР: МОНГОЛ РАЛЛИ-2011”-III



(2011 оны 8 сарын 13 аас 19 хүртэл Туркменистан-д Ашхабад)
Дундад Азийн Туркменистан улс 1991 онд ЗСБНХУ-ын задралаар анх тусгаар тогтносон. 491.210 km² нутаг дэвсгэртэй, хүн ам нь 5.450.000. Нийслэл нь Ашхабад нь сүүлийн үеийн барилга байгууламж ихтэй. Иран-Туркменистаны хилээс 25-30 км зайтай оршино.  


Биднээс Туркменистаны хил гааль машины татварт 116 доллар нэхээд сүйд болов.  Иранд мөнгө шилжүүлгийн олон улсын үйлчилгээ байхгүй, карт хэрэглэх боломжгүй зэргээс шалтгаалаад бид хоёр бэлэн мөнгөний гачаалд орсон байв. Хилийн боомт дээр нэгэн ачааны машины жолоочоос 100$ зээлж байж, сая нэг Туркменистаны нутагт орох эрхтэй болов. Дамжин өнгөрч байгаа машинуудаас ийм өндөр татвар авдаг орон Туркменистанаас өөр байсангүй.
Бид хоёрын голд зогсч байгаа жолооч бидэнд мөнгө зээлээгүй бол аялалд маань хүндхэн асуудал гарах байлаа.
Жолооч ахын машиныг дагаж давхисаар хүнд даацын машинуудын байрлах хотын захын ойролцоо орших нэг газар ирлээ. Ирэх гэсээр байтал оройтсон тул машинаа мөн л жолооч ахын гараашт хонуулах болов. Тэнд танилцсан туркмен залуу бидэнд тус болж, хоол унд идэхээр түүний машинтай хот руу орлоо. Хоолны газар гэдэг нь  хэр тааруу хуучин байшин. Хүмүүс туркмен хоол хийлгэж, архи уудаг бололтой үйлчилгээ тааруухан газар. Гэхдээ өлсөж явсан бид хоёрын хувьд юун тэр манатай. Буцах замд  машиныг маань цагдаа зогсоож, "23.00 цагаас хойш хөл хорио тогтоосон байхад гадуур явж байна. Хэсэг рүүгээ авч явнаа" гэх нь тэр. Цагдаа сүрийг үзүүлж тортой машиндаа хорих болоод явчихлаа. Харин манай шинэ танил хоёр туркмен ярьж учирлаж байж 50 доллар өгч байж салав. 
Ашхабад хотын гудамж, барилга бүгд шинээр баригдсан нь сайхан. Харин хаа сайгүй цагдаа цэрэгтэй, зураг хамаагүй авч болохгүй нь бэрхшээлтэй.


Ашхабад хотын нэгэн зах
Ашхабадын цаг агаар наймдугаар сард ихээхэн халж, өдрийн халуун шөнө ч үл буурна. Ажлын шинэ өдөр буюу даваа гараг хүртэл хүлээсэн бид хоёр банкнаас мөнгө аваад тус болсон жолоочдоо зээлсэн мөнгөө өгөөд Узбекистаны виз авахаар Ашхабад хотод байрлах Узбекистаны консулын гадаа очлоо. Гэвч бид хоёрын мэдүүлэг дөнгөж өнөөдөр л Ташкентад очих учир баасан гараг хүртэл шийд хүлээ гэсэн хариу сонсдог юм байна. 
"Тurkmen Grand" зочид буудалд. Монгол Раллигийн Английн хоёр багийнхантай энд тааралдаж хамт хоол идэхээр боллоо. 
Узбекистаны виз хүлээх зуур ОХУ-ын виз авахаар шийдэв. Элчин дээр очоод Ганхуяг ах англи хэлтэй, би турк хэлтэй, орос хэл маруухан тул хэл нэвтрэлцэх гэж бас асуудал гарлаа. Гэтэл өндөр орос хүрч ирээд "Сайн байна уу? За ямар хэргээр явна?" гэж монголоор мэндчилэв. Хаа байсан Ашхабад хотод монгол хэлтэй оростой уулзана гэж хэний санаанд орох билээ. Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-нд ажиллаж байсан оростой ийнхүү таарч, хэл нэвтрэлцэв. Тэгтэл бас Эрдэм гэж нэртэй буриад хүн ажилладаг болж тааран,  монгол хэлтэй хоёр хүн энд байдгийг болохыг мэдэв. Ингээд 1 өдрийн визийг 30 минутын дотор авлаа. Оросын визтэй паспортыг маань ах нар өгөхдөө бидэнд "Чингис богдын нутагтаа сайн яваад хүрээрэй" гэсэн нь үнэхээр сайхан санагдаж байсан шүү. 
Туркменистаны их сургууль
Ашхабад хотод 6 хоног өнгөрөөсний эцэст Пүрэв гарагт хилийн ойролцоо ирлээ. Хил хүртэл аяллын явцад эрсдэлтэй нэг зүйл тохиолдсон нь машинаа элсэнд суулгасан явдал. Визны хоног хэтрүүлсэн тул яаран давхиж явсанаас ийм болов. Шөнийн харанхуйд хурдтай давхиж байгаад замын огцом эргэлтэн дээр эргэж чадалгүй чигээр нь давхиснаас болж элс рүү огцом харайлгах нь тэр. Хурдтайгаар замын хажуу руу оруулсан ч цаад талд нь цул элс. Ингэж огцом харайлгахад хамгаалалтын бүс л аминд орсныг хэлэх хэрэгтэй. Бүсээ зүүгээрэй монголчууд минь ээ.
Ачааны машинаар  татуулж гаргууллаа.
Бидний осол гаргасан газраас холгүйхэн цагдаагийн хяналт байж таарсан. Автийн цагдаа ирээд бидний үйлдлийг буруутай гэж үзлээ. Тэгээд хурд хэтрүүлсэн гээд 20-30 $-оор торгоод авлаа.
Узбекистан руу чиглэсэн Туркменистаны хурдны зам
Өглөө нь хилээс гарахаас өмнө 60 литр бензин худалдаж авлаа. Учир нь Туркменистан нь аяллын туршид дамжин өнгөрсөн улс орнуудын дотор хамгийн хямд үнээр шатахуунтай улс. 1 литр нь 20 цент.

Хилээр гарахад нэг хоног виз хэтрүүлсэн тул ахиад торгуулахаар болов. Гэхдээ нэг хүний 200 гаруй доллар. Бид ч өгөхгүй гэж гүрийсэн тул эхлээд таван жил байснаа дараагаар нь нэг жил тус улсад орох эрхээ хасууллаа.

Тус улсад аялал хийхэд цагдаа нь хурд хэтрүүлсэн гэх шалтаг тооцож юм л бол торгох гэж оролдох нь их ядаргаатай. Цагдаа нар нь ч яасан их юм. Тэд гадныхныг зогсоогоод баахан зүйл шалгаах ба орос хэлгүй гэхээр нээх удаалгүй явуулчихаж байлаа. Орос хэлтэй гэвэл нэлээд удааж байж, ямар нэгэн зүйл 5 доллар эсвэр хайрцаг тамхи өгч байж салах болно. Дээрх зүйл бэрхшээлтэй ч ард түмэн нь сайхан хүмүүс гэдгийг хэлэх хэрэгтэй.

Эхийг эндээс

"ТОРГОН ЗАМААР МОНГОЛ РАЛЛИ-2011" II



(2011 оны 8 сарын 5-13 Иранд)
Хилээр гарахад Ираны гааль няхуур шалгалт хийж, бидний машины баримт бичиг дутуу гэсэн шалтгаанаар орой болтол байлгалаа. Ираны хилийн шалган дээр туркээр ярьж ойлголцсон ба харин англиар ойлголцох нь тийм амаргүй байв. Англи хэлтэй хүн ховор аж. 


Машиний татварт, өөр бас хэд хэдэн шалтгаанаар 150 доллар нэхсэн тул нилээн маргалдаж, басхүү гуйсны үр дүнд 70 орчим доллар өгч байж салав. Гаалийнхан мөнгө төлсөн гэх ямар нэгэн баримт өгөлгүй зүгээр л хармаалж орхих нь тэр. Ямартай ч, Ираны нутагт нэвтэрсэндээ олзуурхав.

8 сарын 5-ны өдөртөө багтан Тебриз орох байсан боловч оройн 23 цаг гээд Тебриз хотоос 120 км зайтай нэгэн шатахуун түгээх газрын ойролцоо ирж амжив. Аяллын туршид ингэж хоноглох нь аюул багатай. Тэнд хоёр турк жолоочтой тааралдаж, хоол ундаанаас нь хуваалцан аян замын сонин ярилцсан юм. 

Өглөө эртлэн Тебриз хотын төв рүү оров. Хотын төвийг олох гэж нилээд будилав. Нэгэн мотоцикльтэй хүнээс хотын төв хаана байдгийг лавлатал, нутгийн азери залуу уриалагхан аргагүй хотоо танилцуулахыг зөвшөөрлөө. Биднийг дагуулан хотын төвөө үзүүлсэн төдийгүй алдарт иран хивс зарагддаг гол худалдааны захад аваачин, ур хийцний хувьд гайхалтай сайхан хивснүүдийг үзүүлэв. Зах дотор хэсэг явж хотын байгуулалтыг үзэж сонирхсоны эцэст Иран орны талаар багаахан болов ч ойлголттой болов. Зам зааж, газарчилсан залуу маань найз нартайгаа бид хоёрыг танилцуулж, Иран хүмүүс найрсаг зочломтгой хүмүүс болохыг харуулахыг хичээж байсан нь бидэнд ч таатай байлаа.
Тебриз хотын зах дөнгөж нээгдээд байгаа нь. 
Хивс гараар нэхэх гэдэг амар ажил биш нь эндээс харагдаж байгаа байх. Манай нэг найз Иран хивс л гэж дэлхийд алдартай болохоос азериуд нэхдэг юм шүү дээ гэж хэлж байсан юм. 
Ингээд өдөртөө багтан Ираны нийслэл Тегеран хотын зүг гарлаа. Замдаа төлөвлөсөн маршрутаасаа 30 км хазайж нэгэн хуучин түүхт газарт ирлээ. Энэ бол Монголын Эл хаант улсын нийслэл байсан Султанье. Өлзийт хааны бунхан тус газарт буй. 
Тебризээс нийслэл Тегеран орох хүртэлх Ираны хурдны зам. Ираны авто зам Дундад Азийн бусад улсуудтай харьцуулахад давгүй сайн. 110км/цагийн хурдаас хэтрүүлэлж болохгүй
Биднийг ирэхэд нэгэнт орой болж ажлын цаг дууссан байв. Нэгэнт хаасан музейн гадуур явж хэдэн зураг дараад явахаар шийдэв. Ийнхүү зогсож байтал нутгийн хүмүүс сонирхон тэр дорхноо л биднийг бүчээд авлаа. Ингээд асуултын мөндөр буулгаж эхлэх нь тэр. Ерөнхийдөө Иранчууд нилээд сониуч зантай, цайлган цагаан сэтгэлтэй хүмүүс. 

-"Английн Лондон хотоос Улаанбаатар орох гэж буй Монголын баг". Монгол гэж хэлэхэд санаанд нь нэг л буухгүй байгаа болтой. Тэгээд "Чингисийн Монгол", "Хүлэгү хаан" гээд ойлгуулах санаатай ярилцаж зогстол, ашгүй музейн захирал гэж өөрийгөө танилцуулсан нэгэн хүн ирээд "Та нар Чингисийн Монголчууд, тийм болохоор энэ барилга байгууламж та нарынх. Энд ирсэнийх, үзэж сонирх..." гэв. 
 
Ингээд музейн тайлбарлагчийг нь дагуулан дотор нь орж, тус барилга байгууламжтай холбоотой мэдээлэл авч, зурагч хангалттай дарж амжив. Чингисийн Монгол гэдгээрээ ингэж нэг бахархдаг юм байна. Гэхдээ Дундад Азийн орнуудад явж байхад Чингисийн Монгол гэхэд бахархах нэгэн байхад муухай харах хүн ч бас бий. Учир нь Дундад Азийн орнуудын нутаг дэвсгэр нь Монголчуудын байлдан дагуулалд хамгийн ихээхэн өртсөний хувьд найман зууны тэртээх хар бараан түүх, өс хонзонгоо үл мартан, хадгалсаар өнөөг хүрсэн ажээ.
Султанье-ийн барилгын таазны чимэглэл. Хоёр давхрын цонх гэж хэлж болохоор томоохон тагтны таазны чимэглэл. Тааз болгон адилгүй хээгээр чимэглэсэн байлаа.
Ингээд Тегеран хот руу хөдөлж, хотоос 60км-ын зайтай майхнаа барьж хоноглов. Өглөөгүүр шатахуун түгээгүүрийн газар очиж нүүр гараа угаалаа. Нийслэл хот руу хөдлөх гэж байтал хажуухан талд маань хоноглосон ачааны машины жолооч, аялалд маань амжилт хүсээд, тэвэр дүүрэн амтат усан үзэм бэлэглэв. Үдийн хирд Ираны нийслэл Тегеранд хүрэлцэн очив. Хотын төвтэй танилцаж, Ираны Эрх чөлөөний хөшөөний өмнө хэдэн зураг татуулаад хотоос гарлаа. 

Тегеран хотын Эрх Чөлөөний хөшөө. Бид хотоос гарч хурдны замд орох аргаа олохгүй байсаар 3 цаг төөрч энэ хөшөөг машинтайгаа гурван удаа тойрсон юм. Замын хөдөлгөөний учрыг нь ёстой олж чадахгүй байлаа.
Ингээд ираны алдарт цөлөөр 1 хоног давхисны эцэст Машхад гэж нэрлэгдсэн хотод хүрэлцэн ирэв. Тус хотоос урагш давхиж, Туркменистан луу нэвтрэхийг хүссэн боловч бид хоёр Ираны хойд талд орших Ашхабад хотод ойр хилийн боомтоор гарах ёстой гэсэн бичигтэй байсан тул гарч амжсангүй. Хилээр анх нэвтрэхэд ираны газрын зураг дээр явах замыг балаар зурж өгсөн боловч бид хайхраагүй нь алдаа болжээ. Ер нь Иран төдийгүй дундад Азийн орнуудад хүнд суртал, элдэв хяналт шалгалт нь ихээхэн бэрхшээл учруулдаг. Тиймээс аялан яваа тохиолдолд замаас гажихгүй байх, гарах ёстой хилийн боомтоороо тогтсон хугацаандаа гарах зэргийг анхаарах хэрэгтэй аж. Энэ нь Иран, Туркменистан, Узбекистан, Казакистан зэрэгт бүгдэд нь хамаарна. Бид Туркменистаны өмнөд хэсгээр нэвтрэх гэсэн маань амжилтгүй болж буцаж давхисаар 400 гаруй км явсны эцэст Машхад хотдоо эргэн ирлээ. 
Бидний будилсан 400 км зам. 
Эндээс Туркменистан нутагт очихыг яаран хилийн боомт Бажгиран луу өдөртөө хүрч очлоо. Нэгэнт орой болсон тул өглөө болтол хүлээв. Ираны хилийнхэн биднийг ямар нэгэн асуудалгүй гаргасан боловч Туркменистан визгүйн улмаас оруулсангүй. Ингээд эргээд Ираны Машхад хот руу буцаж виз авах ёстой боллоо. Бидний машин нэг л удаагийн орох эрхтэй гэсэн Ираны хуулиас үүдэн хоёр хилийн хооронд орхихоос өөр аргагүйд хүрч, таксигаар яаравчлан Машхад хотод дахиад л хүрээ ирлээ. Гэтэл бас л ажлын цаг дууссантай таарч маргааш өглөөг хүлээхээр болов. Бидний хөлсөлсөн таксины жолооч "буцаж яваад өглөө ирье, манайд үнэгүй хоноорой" гэх зэргээр нилээд панаалдсан ч бид хоёр хотод үлдэхээр шийдвэрлэсэн юм. Энд таксины жолооч, Туркменистаны Консулын газар хаалттай байгаа мэдсээр байж 181 км газар авчран биднээс мөнгө салгах гэсэн арга сэдснийг Ганхуяг ах маань хаширлаж анзаарсан аж. Тэгээд ч буцаж явсан бол маргааш өглөө нь ахиад л таксигаар ирэх хэрэг гарна. Хонох газраа багийн ахлагч Ганхуяг ах маань интернетээр хайгаад тавхан минутад олоод зохицуулчихав.
Машхад хотын нэгэн "Guest House". Хотдоо ганцхан ч байж магад. Зураг дээр харагдаж байгаа энэ хивсэн дээр  унтаад өглөөны цай уусан үйлчилгээний хариуд хоногын 15 $ төлнө. 
Туркменистаны визийг хүлээж залхтлаа хэд хонов. Машин маань хоёр хилийн хооронд, өөрсдөө визны хариу хүлээн машинаасаа хол явгарсан хүмүүс. "Машингүй раллигийн баг" хэд хоног жаал амарч авсан гэх үү дээ. Бямба гарагийн өглөө ашгүй виз гарч, бид хоёр хилийн зүг яаран гарлаа. Ираны хил дээр гарах хоног хэтрүүлсэн гэж хүний 30 долларын торгууль төлөв. 
Ираны Бажгиран хилийн боомт хүрэх замд. Энэ уулсын цаанаас Туркменистаны нутаг эхлэнэ дээ. 

Эхийг эндээс

Monday, January 30, 2012

"МОНГОЛ РАЛЛИ-2011" I


2011 оны 7 сарын 28-нд Анкара хотын Монголын ЭСЯ-нд "Монгол ралли"-д оролцож байгаа монголчууд ирээд байна. Монголын багийн хоёр оролцогч Английн Лондон хотоос гараагаа эхэлж Монгол Ралли гэгдэх Дэлхийн хамгийн урт хол замыг туулдаг авторалли-д оролцож буй бөгөөд тэдний багийн нэгэн гишүүн ар гэрийн шалтгаанаар "Монгол руу яаралтай буцах гэнэ, аялалд үргэлжлүүлэн оролцох хүн хэрэгтэй байна" гэж анд Анхбаяр маань хэл дуулгалаа. Ингээд яаран очиж уулзаад, тэр дороо Монгол ралли-гийн гурав дахь гишүүн нь болж,  Ганхуяг ах бид хоёр аялалыг цаашид үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Анкара хотын хуучны хороолол (гэр хороолол). Анкарагийн хуучны түүхт газруудын нэг. Энэ газарт Дундад Азийг бүхэлд нь байлдан дагуулаад байсан Эмир Төмөр (доголон Төмөр) хийгээд Оттоманы эзэнт гүрний Ялдирам Бяазитийн хооронд томоохон тулалдаан болсон газар юм. 
БНТУ дахь ЭСЯ-ны хамт олон бидэнд харамгүй тусалж виз хүссэн өргөдөлд хавсралт бичиг нэн даруй гаргаж өгсөн нь хэрэг болж, Ираны визийг өдөрт нь гаргуулж чадав. Ном ёсоороо бол 5 хонож байж гардаг виз гэсэн. Туркменистан, Узбекистаны виз авахад хэрэг болох виз хүссэн бичгийг ч ЭСЯ хийж өгсөн юм. Анкара хотоос ЭСЯ-ны хамт олон машинаараа гаргаж, биднийг хурдны замд оруулж өгөөд аян замдаа сайн явахыг ерөөн үлдлээ.
БНТУ-ын Анкара хотод байрлах Монгол Улсын ЭСЯ. Хашаа нь өндөр ч монголчууддаа хаалга нь үргэлж нээлттэй байдаг газар :) 
Дундад Азийн улс орнуудаар аялж явахад визний болон аяллын тал дээр ЭСЯ-ны хамт олон бидэнд ихээхэн туслалцаа үзүүлснийг дахин дахин хэлмээр байна.

Тэр өдөртөө давхисаар Кайсэри (Kayseri) хотод ирж тэр хотод суралцаж буй нутаг нэгт оюутны гэрт хоноглов. Кайсэр хот нь Анадолу гэж туркуудын нэрлэх Ази талдаа хөгжлөөр нэлээд дээгүүрт ордог. Нэг сая гаруй хүн амтай. Тус хотын их сургуульд 30 гаруй монгол оюутан суралцдаг. Бид энд нэг хонох хугацаандаа Кайсэри хотын цайз хэрмийг ч үзэж сонирхохоо мартаагүй юм. Монголын эзэнт гүрний үед энэ хот монголчуудад эзлэгдэж байсан гэгддэг.

Маргааш эртлэн Сивас хот руу гарлаа. Гэвч 100 гаруй км явалгүй замдаа машин маань эвдрэв. Зам зуурын засварын газарт арайхийн хүрч очвол машиныг маань задалж орхих нь тэр. Гэтэл солих зүйл нь таарсангүй. 

Ингээд засварчин Кайсэри хот руу сэлбэгэнд явж бид хоёр ойролцоо байсан нэгэн тосгоноор үүргэвчтэй аялал хийж Туркийн нэгэн тосгоны амьдрал ахуйтай танилцан орой болголоо. Бидний машины засвар бүр орой 23 цагт  дуусч аяллаа үргэлжлүүлэх боломжтой боллоо. 

Замдаа хээр хоноод өглөөгүүр Сивас хотод орж ирлээ. Сивас хотын түүх дурсгалын зүйлийг сонирхоод, дараагийн хот болох Эрзерум луу давхилаа. Туркийн зүүн хэсэгт орших хотуудын хамгийн томоохон, арвин түүхтэй нь ч гэгддэг. Мөн Турк орны зүүн хэсгийн байгалийн байдал нь баруун болон төвийн нутгаасаа ихээхэн ялгаатай нь ажиглагдана. 
Эрзерум хотын нэгэн гудамжинд. Энэ эрдэнэсийн авдарны хажуугаар гарсан хүн бүр гараа угааж байлаа. Баян болдог юм болов уу гэж бодсон. Би ч бас гараа угаагаад амжсан шүү.
Эрзерум хотын нэгэн гуталчин. Энэ саравчийг хотын захиргаа нь хийлгэсэн аж. Ажлын ая тохитой байдал.
 Туркийн зүүн хилд ойрхон орших Доу Бяазит гэж нэрлэгдсэн хил орчмын нэгэн жижиг хотод ирлээ. Энэ хотын ойролцоо 10 гаруй км-т орших Оттманы эзэнт гүрний үед холбогдох нэгэн цайзыг үзэж сонирхлоо. 1685 онд баригдсан ажээ.

Ари /Арарат/ гэгдэх үзэсгэлэнт уулын өмнөдөд орших хурдны замаар давхисаар үд гэхэд Турк-Ираны хилийн /Гүрбулаг кара худут/ хилийн боомт дээр хүрэлцэн ирэв. Туркийн талаас биднийг ямар нэгэн төвөг чирэгдэлгүй нэвтрүүллээ. 

Жижиг шар машин бол Английн нэгэн багынх. Дундад Азийн аль ч хилийн боомт дээр уртаас урт дугаарлан зогссон ачааны машины дүр зургийг харж болно. Ралли-гийн машинууд ингэж дугаарладаггүйгээрээ ихээхэн азтай ажээ.
Л. Ганбат
эхийг эндээс 

АРАБЫН ХАВАР: СИРИ УЛСААР-IV


Сирийн энэ улс төрийн үймээн нь ард иргэд болон засгийн газар гэх хоёр талын тэмцэл мэт харагдаж буй ч цаашлаад алеви, сунни зэрэг шашны урсгал хоорондын күрдүүд, туркууд гэх угсаатан хоорондын тэмцэл үүсгэж болохоор байна.

Үйл явдлын гадна талд барууны улсууд, тэдний ашиг сонирхол байгаа мэт боловч Сирийн дотоод амьдралд буй асуудлууд болох соёл, боловсролын хоцрогдол, өдрөөс өдөрт нэмэгдэх амжиргааны өртөг, хүний эрх, эрх чөлөө зэрэг олон хүчин зүйлийг нөлөөлж буй нь илэрхий. Гэвч тус улсын удирдагч Бешар Эсад бослого хөдөлгөөнийг тероризмын шууд холбоотойгоор тайлбарлан барууны улсуудын дэмжлэгийг авах гэж оролдож байв. Гэсэн хэдий ч түүний энэ санаа амжилт олохгүй нь тодорхой болмогц гадаад орнууд энэхүү тэмцлийг турхирч байна гэж мэдэгдэх болсон. 

Олон улс Сирийн үйл явдалд. 
Олон улс орнууд Сирийн үйл явдалд өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна. Тухайлбал, ОХУ тэд хаа байсан ЗСБНХУ гэх нэртэй хүчирхэг гүрэн байх үеэсээ энэ улстай гүнзгий харилцаа явж ирсэн. Сири нь эдийн засаг, геополитикийн үүднээс Оросуудад чухалд тооцогдсоор иржээ. 2006 онд гэхэд Сирийн зэвсэгт хүчинд 2000 гаруй ОХУ-ын цэргийн мэргэжилтнүүд ажиллаж, офицер сургагч нар нь багшлаж байв. Зэвсгийн худалдаанд Сири бол оросуудын томоохон худалдан авагч тиймээс 2005 онд Сирийн ОХУ-д төлөх байсан 13.5 тэрбум долларын  өрийн 10 тэрбум долларыг хүчингүй болгож үлдсэн 3.618 тэрбумыг хэсэгчлэн урт хугацаанд төлөхөөр тохиролцоо хийсэн. Яг манай их өр төлөхтэй ихээхэн төстэй үйл явдал болсон. Тэгээд ч Сири нь ОХУ-аас үргэлжлүүлэн зэвсэг худалдан авах тохиролцоонд хүрч чадсан. Иймээс тус улсад болж байгаа улс төрийн асуудлуудад ОХУ маш болгоомжтой хандаж, анхааралтай ажиглаж байна.

Дэлхийн супер их гүрэн гэгдэх АНУ-аас Сирийн үйл явдалд шүүмжлэлтэй хандаж, одоогийн эрх баригчдийг хүчтэй буруутгаж байна. Харин Арабын зарим нэг улс тухайлбал, Саудын Арабын зүгээс бослого тэмцэл эхлэх үед Бешар Эсадыг дэмжсэн мэдэгдэл хийсэн. Үүнийг судлаачид Саудын Арабыг удирдаж байгаа гэр бүлийнхэн Эсадын засаглал унавал Арабын ертөнцөд үүсэх тогтворгүй байдлаас болгоомжилсон хэрэг гэж байгаа.

1980-аад онуудад Турк-Сирийн хооронд асуудал үүсгэсэн олон зүйл байсны дотор Туркийн нутагт үйл ажиллагаа явуулдаг террорист бүлэг болох РКК, хил орчмын ундны ус, гол мөрөн, Туркийн Хатай аймгийн орчим дахь хилийн маргаантай бүс нутаг зэргийг нэрлэж болно. Туркийн зүгээс РКК гэсэн террорист байгууллагаа Сирийн дэмжлэгтэй гэж харддаг. Үүний зэрэгцээ ундны усны тухай асуудал л гэхэд ихээхэн бэрхшээлтэй учруулж байсан. 1992 оны 07 сард тухайн үеийн Туркийн ерөнхийлөгч асан Сулейман Дэмирел “Бидэнд хүссэнээ хийх эрх бий. Усны эх булаг Туркт, нефьтийнх Сири улсад байна. Тэдний нефьтийн хамааралтай зүйлд оролцдоггүйн адил тэд ч бидний усны эх булгийг хуваалцах тухай зүйл байж болохгүй” гэж мэдэгдэж байлаа. Энэхүү маргааныг нааштай шийдвэрлэх оролдлого хийгдсээр 1998 оноос эхлэн хоёр орны харилцааны хэвийн болж эхэлсэн. Туркийн ерөнхийлөгчөөр Ахмед Неждет Сезерийн үеэс харилцаа өргөжиж эхэлжээ. Тэрээр Хафиз Эсадыг нас барсны дараа тус улсад очиж салах ёс хийж хүндэтгэл үзүүлсэн. Үүний дараа Сирийн талаас Бешар Эсад Турк Улсад айлчилж, улмаар хоёр орны харилцаа нь Сири-Арабын орнуудын харилцаанаас илүүтэй байгааг онцлон тэмдэгж байв. 2005 онд Туркийн ерөнхий сайд Тайип Эрдоган хариу айлчлал хийсний дээр 2009 онд Турк-Сири хоёр улсын хооронд өндөр хэмжээний “Стратеги хамтын ажиллагааны гэрээ” байгуулжээ. Эдгээр айлчлал, хэлэлцээрүүдийн үр дүнд хоёр улсын хооронд иргэд визгүй зорчих болсоор багагүй хугацаа өнгөрөөд байна. Тиймээс өдрөөс өдөрт хоёр орны түншийн харилцаа өргөжиж, худалдааны эргэлт нэмэгдэж байгаа юм. 

Харин Сирийн улс төрийн үйл явдалд Туркийн судлаачид Тунисээс эхлэлтэй Арабын хувьсгалуудын ар талд АНУ тэргүүтэй барууны улс орнууд байна, тэд л араб удирдагч нарыг өөрсдийн улс төрийн бодлогын хүрээнд өөрчилж эхлээд байна гэсэн дүгнэлт хийж байна. 2011.07.09-ны өдөр Дамаск хотод болсон томоохон жагсаалд АНУ-ын элчин албаны машинтайгаа жагсагчдын дунд байсан нь дээрх хардлага газар авахад нэрмээс болсон юм. Барууны ертөнц, НҮБ, НАТО-ын зүгээс энэ оронд Ливид авч хэрэгжүүлсэн шиг цэргийн ажиллагаа хийж эхлэвэл Сири нь хэд хэдэн хэсэг болон хуваагдаж болзшгүй. Иймээс БНТУ нь асуудалд тун болгоомжтой хандах, Ливид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хандсан шигээ яаравчлан хандаж болохгүй гэсэн байр суурьтай байна. Учир нь Сирид туркуудын шүдний өвчин болсон сая гаруй күрд үндэстэн аж төрдөг ба Сири, Турк, Ирак улсуудын уулзвар бүс нутагт амьдардаг олон сая күрдүүд байгаа нь асуудлыг улам ч ээдрээтэй болгож мэднэ. Эндээс тус гурван улсын уулзвар бүс нутгаас күрдийн нэгэн тусгаар улс бий болох хүсэл эрмэлзэл гарч ирж болох юм гэсэн болгоомжлол, хардалт хүчтэй байна.

Энэ бүс нутагт БНТУ нь РКК буюу күрдүүдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэх байгууллагын эсрэг олон жилийн турш тероризм гэх нэрээр дайн явуулсаар байгаа боловч төдий л амжилтанд хүрэхгүй байгаа. Иймээс Сирийн асуудал тус улсын хувьд үнэхээр анхаарал татахын зэрэгцээ Сири улсаас Туркийн нутагт орж ирсээр буй олон мянган дүрвэгсэд асуудлыг улам төвөгтэй болгож байна. Тус улс нь Сиритэй хөрш оршдогын хувьд болж өнгөрч буй үйл явдлын нөлөөг хамгийн их амсах магадлалтай. Сирийн дотоодын тэмцэл улам эрч хүчтэйгээр даамжирвал күрдүүдийн асуудал хөндөгдөж цаашлаад Турк-Иран улсын харилцаанд өөрчлөлт гарч болох талтай.

Бешар Эсад өөрсдийн талыг дэмжсэн жагсаал цуглаануудыг зориудаар зохион байгуулж байгаа нь ард түмнийг улам талцуулахад хүргэж, босогчид хийгээд засгийн газрын хоорондын тэмцэл улам ширүүсэхэд хүргээд зогсохгүй дотоодод угсаатан, шашны олон урсгал чиглэлүүд, отог овгийн хагаралд хүргэж болзошгүй. 

Арабын бусад улс орнуудад болж байгаа үйл явдал, Сирийн засгийн газрын удаа дараагийн амжилтгүй арга хэмжээ зэрэг нь тус улсын нийгэм эргээд хэвийн байдалдаа ороход нэлээд удаан хугацаа шаардагдах, улмаар бүс нутгийн бусад орнуудын улс төр-эдийн засгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлээд эхэлж байна. 
Л. Ганбат
Эхийг эндээс